Хачин өдөр
--
04/16/2017
Бага тойруугийн нэг гудамжинд юм л даа. Аль чадахаараа гүрийсэн ч энэ хоёр зээрд маань цааш тэсэхгүй нь. Тэглээ ч нэг л буруу эргээд л мухардалд орчихлоо. Энэ хүрээд дуусч байгаа бол яах вэ? 18.4 настай хүний хийх ёстой бүхнийг хийж амжсангүй шүү дээ. Хав дараад өнгөрөөсөн үгнүүдээ тэр үед хэлчихсэн бол гэж ч бодох шиг. Тэд ч юу юугүй дөхөөд ирлээ. Нэг нь сонин урт төмөр зүйл барьчихжээ. Яавал ч яаг. Зугтах газаргүй…
Байз юун бороон чимээ болоод явчихав? Хурдлан босоод цонхоор харвал үнэхээр л хаврын анхны бороо орж байх юм. Айх, гайхах зэрэгцэж жаал бодолд автан суулаа. Тэгэлгүй яахав, дамшиг чинь давсанд явчихсан байж шүү дээ хаха. Одоо харин бороог таашааж болох нь. Бараг бороо ордог гэдгийг марттал удаан бороо харсангүй. Одоо уулан дээр манан татаад их таатай байгаа даа.
08:52 — Энэ хачин сайхан үнэр нь бороо орох үед ялгардаг бактеритэй холбоотой гэж сонссон. За хүний биед хүртэл хичнээн бактери байдаг билээ дээ. Бодвол нөгөө ашигтай бактери нь биз. Анхны бороо орж байхад миний насны хүн яалаа гэж Instagram-н story-доо оруулахгүй байхав. 1. Насандаа буруу өглөө. Өнөө өглөө ганцхан надад ч онцгой өглөө биш. Гангаа өнөөдөр хүүхдийн ордон дээр монгол бүжгийн гала тоглолттой. Түүнрүүгээ яараад ухаан жолоогүй л хувцаслана. Гангаа (Гангадарь) бол 5-р ангийн сурагч охин. Бас миний өрөөний хамтрагч. Энийгээ их л удаан хүлээж, их ч бэлдсэн. Би өөрөө бүжиглэдэггүй болохоор ч юм уу, яагаад Гангааг үүнд их ач холбогдол өгөөд байгааг нь мэдэх зүйл алга. Харин Гангаа намайг яагаад бороонд ач холбогдол өгөөд байгааг бас гайхсан шинжтэй.
12:18 — Буцаж унтаад сэрчихээд American Beauty-д шимтлээ. Үүнээс сайхан ням гаригийн өглөө гэж хаана байхав. Дээр нь нэмээд “ням гаригийн өглөө”-г ч нэг сонсоод авлаа. Энэ киног үзсэн өдөр, анхны бороо орсон өдөр, тэр нь ням гаригийн өглөө байж таарсан өдөр гэдэг бол миний хувьд давхар баяр. Харин 12 хоногтой Үжиндарь тайван унтсан, амралтын өдөр гэдэг бол аавд таатай өдөр. Үжиндарийн хувьд найруулсан сүү биш ээжийнхээ сүүг амталсан өдөр бол сайхан өдөр. Ээжийнх нь хувьд Үжиндарь уйлахгүй л байвал сайхан өдөр тохиодог шиг харагддаг. Би тэдний эсвэл тэд миний оронд байсан бол яг л ижил зүйлийг бодох байсан биз.
15:40 — Байнга тохиохгүй ийм сайхан өдрийг өчүүхэн ч баллах ёсгүй. Сайн хамтран амьдрагчийн үүргээ гүйцэтгэж гал тогоо хавиар гар хөлөө жаал хөдөлгөлөө. Зурагтаар Сири-т хүүхдүүд өлсгөлөнгөөр үхэж байгаа тухай ярина. Харин би өчигдрийн хоолыг хээв нэг асгална. Асуудал миний цамаанд биш шөлгүй гурилтай шөлөнд л байгаа л даа. 2. Хоолонд буруу тохов. Эрүүгээ хэд хөдөлгөсний дараа Her үзчихвэл өнөөдөр энэ оны хамгийн сайхан өдөр болохыг ч үгүйсгэхгүй. Хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг үгнүүд амны уншлага болж байгаа ч яг ямархуу зүйл айсуй бол гэдгийг энэ киноноос тодорхой харж болно. Эсвэл зүгээр л хүмүүсийн дурлаад байдаг Arcade Fire-н “Далайн эрэг дээрхи дуу”-г сонсох гэж үзсэн ч болно. Энэ хооронд гадаа цас ороод эхэлсэн гэвэл итгэх үү. Үнэхээр л цас орсон юм. Сүүлийн ч байж магадгүй цасыг яахан story-доо оруулахгүй байх билээ.
3. Цасанд буруу тохов. Монголоос өөр газар иймэрхүү хур тунадас давхцах үзэгдэл тохиолдох нь ховор байх. Гэхдээ энэ нь хөх толбо болон хийморьтой хамааралгүй шүү. Их үсрээд л байгалийн тогтоцтой холбоотой. Цасны тухайд бол үнэхээр мэдэх юм алга аа. Будраад эхлэхээр нь Нимбэгнүүдийн нэг дуу амнаас огт гардаггүй юм.
“Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг
Шөнө дунд цас орж байна.”
18:51—Шүршүүрт дуулах биш юм бодох нь илүү тохиромжтой санагддаггүй юу? Эсрэгээрээ харин лифтэнд дуулвал тохиромжтой юм шиг. Мэдээж ганцаараа зорчиж байх үедээ. Би өнөөдөр лифтэнд “Life on Mars?”-н хэсгээс уянгалуулаад амжсан гээд л бод. Одоо бол шүршүүрт энэ тухайгаа бодож байна. Тэгээд ч шүршүүрт байхад амьдралдаа гаргасан эмзэгхэн алдаанууд сэдрээд бараг шүлсээ хацартаа наагаад худлаа ч гэсэн уйлмаар юм шиг хаха. Харин гарч ирээд харахад намайг гайхшруулж ханаагүй янзтай цаг агаар маань цэлмэчихсэн байж байлаа. Хаврын тэнгэр олон ааштай гэдэг нь энэ л юм байлгүй дээ. 4. Хаварт бурууг тохов.
Одоо харин шөнө мөндөр ордог юмуу, яадаг юм. Ямартай ч надад эргэх дөрвөн улиралыг нэг өдөрт харуулах шиг л санагдлаа. Эх оронд минь “цэнгэлийн хавар” айсуй гэлцдэг байх аа. Манай эх оронд ч тэгээд наргиж цэнгэх шалтгаан улиралаар мундахгүй биз ээ. 5. Эх орондоо бурууг тохов.
21:32 — Хүмүүсийн харилцааны хэлбэрийг л илүү амар болгох гэж сошиал медиа бий болсон байх. Харин нэг газар байгаа дөрвөн хүн дундаа юм ярилгүй утсаа гөлрөнө гэдэг их муу жишээ. Бидний бүтээсэн зүйл буцаад өөрсдийг маань устгаж болно гэдэг жишээ л дээ. Ингээд харахаар бидний өдөр тутам хийдэг зүйлс бидний бүтээсэн зүйлсийн үүсгэсэн тойрог дотор гацчихсан юм шиг санагдаад байгаа юм. Гэхдээ тэр REMI GAILLARD-н Jurassic Prank-г үзсэн үү хаха.
Би ч тэгээд хавар болохоор намар гээд, зун болохоор өвөл гээд, цас орохоор бороо гээд, хоёулаа орохоор мөндөр гээд байх хүн. Шөнө болохоор амьдралаа өөрчилж, дэлхийг аврах хэмжээний зүйл боддог ч өглөө нь өөрийн замаар нөгөө л дуугаа аялан алхдаг хүн. Ганц амьдрах байсан ч түүнийгээ өөр байлгах алхам хийлгүйгээр бусдын зохиосон дүрмэнд захирагдаж, энэ насыг барж мэдэх хүн.
“Өнөөдөр үлдсэн амьдралын маань эхний өдөр. Үхэх өдрийг эс тооцоод.”
Бусдын заасан дүрмийг дагалгүй, тэдний бодлыг толгой руугаа чихэлгүй, зөвхөн өөрийн хүссэн дуугаа сонсож, дуртай киногоо үзсэн, цаг агаарыг таашаасан энэ өдөр байгаад л баярлаж байна. Тэглээ гээд юу ч хийж, бүтээгээгүй өдрөө сайхан өдөр гэж нэрлэхэд ч бэрх юм. Үхсэн хүний хувьд бол сайхан өдөр байж магадгүй. Ер нь бол би ч аль хэдийнээ үхсэн л дээ. Тэгэхээр зүгээр л “Хачин өдөр”гэж нэрлэе дээ.