2017: Хэтэрхий сонирхолтой жил

Tengis Batjargal
7 min readJan 2, 2018

Очсон газар, үзсэн тоглолт, уулзсан хүмүүс г.м

2017 оны зорилгоо биелүүлсэн өдөр

Ертөнцийн түмэн явдлаас хоцорсон, хэдэн зуун цагийг “тилтэрч” өнгөрөөсөн, ээж аавынхаа төрсөн өдрүүдийг хүртэл мартсан хачин жил өнгөрсөн ч зарим талаар гайхууштай, дурсамжтай, эргээд харахад хэт сонирхолтой жил өнгөрсөн байна. 12 сар бүхэлдээ л шинэ жилийн уур амьсгалыг агуулсан айл бүр гацуураа зассан, байгууллагууд баяраараа архидсан, оны шилдгүүд тодорсон сар болж өнгөрдөг билээ. Энэ бүгдээс хамгийн чухал нь хүн бүр өөртөө дүгнэлт хийж өнгөрсөн онд алдаж оносон, сурч мэдсэн, хийж бүтээсэн зүйлсээ эргэцүүлж, ирэх онд юуг анхаарч засах, юуг сайжруулан шинэчлэх хэрэгтэй талаараа зорилгыг тавих, түүнийг хэрэгжүүлэх итгэл найдвараар цэнэглэгддэг он солигдох торгон мөч юм. Би ч мөн адил итгэлээр дүүрэн энэ нийтлэлийг бичиж сууна. Энэ оныг 5 дэд хэсэгт хуваан дүгнэн бичсэнээ та бүхэнтэй хуваалцъя

Кино

LaLaLand-н галзуурлаар эхэлж, Star Wars-н шинэ ангиар төгссөн энэ жил кино ертөнцийн эргэн тойронд өндөр хэмнэлтэй байлаа. Олон гайхалтай кино нээлтээ хийж биднийг баярлуулснаас хамгийн хүлээлт өндөртэй нь комик баатруудаас сэдэвлэгдсэн DC, Marvel-н бүтээлүүд байлаа. DC-н хувьд Warner Bros-н удирдлагуудын тарьсан “балаг”-ийг найруулагч Patty Jenkins Wonder Woman-р зассан ч , Justice League үзэгчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Нөгөө талд Marvel-н энэ онд дэлгэцнээ гаргасан 3 кино өндөр амжилтыг үзүүлж, франчайзийн анхны кино Iron Man-с 10 жилийн дараа Infinity War-тай фэнүүдийг золгуулахад бэлэн болоод байна. X Men-ий гол баатруудын нэг Wolverine-ий сүүлийн кино Logan-г энэ онд нээлтээ хийсэн комик баатруудтай кинонуудын шилдэг нь байсан гэж үзэж байна. Анх трэйлэр дээр нь Johnny Cash-н Hurt явах мөчөөс л киногоо үзээд театрыг орхих мөч хүртэл “төгсгөл рүү гээ явж буй” мэдрэмж авч чадлаа. Харин энэ сард болсон Disney-н Fox-г худалдаж авсан үйл явдал бол кино гэлтгүй энэ онд болж өнгөрсөн медиа ертөнцийн хамгийн том худалдан авалт боллоо.

Trump-н ялалтыг зөгнөсөн Simpsons Disney-н FOX-г худалдаж авахыг 19 жилийн өмнөөс мэдэж байв.

ТВ цувралуудын оргил Game of Thrones-н шинэ улирал мөн л хүлээлтийг давж, рекордуудыг эвдсэн бол нууцлаг байдлаараа сонирхол татдаг Stranger Things-н 2-р улирал ч биднийг гомдоосонгүй. Энэ оны Эмигийн шагналуудыг түүсэн The Handmaid’s Tale цуврал Hulu-г Netflix-тэй өрсөлдөхүйц гэдгийг батлан харуулсан бол Amazon Prime Video ч чансаагаараа хол тасрахгүй гэдгийг The Man in The High Castle цувралын 2-р улирлаас харж болно. Энэ онд нийт үзсэн кино, ТВ цувралуудаас хамгийн үзүүштэй, сайн хийцтэй гэж бодсонуудаа энд ангилчихлаа.

Хөгжим

Tom Petty, Chuck Berry, Chester Bennington нарын домгууд таалал төгссөн нь хөгжмийн салбарын энэ оныг харанхуй харагдуулж болох ч бүх цаг үеийн аялан тоглолтын ашиг орлогоороо тэргүүлэгсдийн эгнээний 3-т бичигдсэн Coldplay-н AHFOD Tour, удаан хүлээлгэсэн Green Day-н шинэ цомог, Радиотолгойтнуудын Ok Computer цомгийн 20 жилд зориулан гаргасан OKNOTOK зэрэг олон гайхалтай үйл явдлууд ч 2017 онд тохиосон. Насанд дарагддаггүй U2 хамтлаг 14 дэх студи цомгоороо сонсогчдодоо бэлэг барисан бол залуу хамтлагуудын нүүр царай Foster The People “өөрчлөлт”-ийг давч гаран 3 дахь студи цомгоо гаргасан нь мөн л талархууштай. Өнгөрсөн оны хувьд хөгжимтэй илүү дотно танилцсан жил байлаа. Уран бүтээлчийг дэмжих хамгийн зөв хэлбэр бол палкатыг нь хэвлүүлж ханандаа наах биш цомгийг нь худалдан авах, бүтээлийг нь албан ёсны эрхтэйгээр сонсох гэдгийг ойлгож Spotify ашиглаж эхлэв. 6 сараас 11 сарыг хүртэл 9569 минутыг зөвхөн энэ streaming үйлчилгээгээр дуу сонсоход зарцуулсан байна. Оюуны өмчийг хамгаалахаас гадна хэрэглэхэд амар, сонсдог хөгжимд маань тулгуурлан санал болгож буй плэйистүүд нь хичнээн тасархай гээч. Харин одоо бол Apple Music-г туршиж байна.

Зөвхөн 6–11-р сарын тоо баримт

Мөн шүүрс алдан байж нэг пянз тоглуулагчтай боллоо. Түүндээ зориулаад ганц хоёроор нь цуглуулсаар байтал Dark Side of The Moon, Imagine, Sgt Pepper’s Lonely Hearts Club Band тэргүүтэй 40-өөд гоё пянзтай болчихдог байна шүү хэхэ. Бас нэг хөгжимтэй холбоотой сайхан зүйл нь мөрөөдөж явсан хамтлагуудынхаа тоглолтыг нь үзэх завшаан тохиов. Энэ тухай дараагийн хэсэгт дэлгэрэнгүй бичсэн байгаа. Хөгжим гэдэг хүнд ямар мэдрэмж, хөг аялгууг хүргэх чухал. Үүнээс гадна бид түүнийг хэрхэн сонсох нь ч бас чухал гэдгийг анзаарлаа. Хэрвээ энэ оныг хөгжмөөр илэрхийлбэл ямар хөгжим болохыг эндээс харах боломжтой.

Арга хэмжээ

Энэ онд дэлхий дахин анх удаа робот иргэнээ хүлээн авсан, харин манай улсын хувьд шинэ Ерөнхийлөгчөө хүлээн авсан олон үйл явдал, арга хэмжээ давхацсан онцгой жил байлаа. Миний хувьд ч энд тэнд очсон, олон мундаг хүнтэй танилцсан, сонин содон зүйл үзэж харсан, ёстой л “нүд тайлсан” жил өнгөрлөө. Энэ зуны төлөвлөгөөгөө гаргаж суухдаа PLAYTIME үзэхгүйдээ л жаахан гонсойж байсан юм. Хайртай хамтлагаа очиж үзэх гэж байгаа хүнд зуныг хүлээх хэцүүхэн байсан ч нөгөө талаас өөр нэг хайртай хамтлаг маань чангаагаад байв. Тэгтэл ч The Lemons маань юу юугүй цомгийн баяраа хийж, баяр дээр баяр нэмлээ. Тэгсэн атлаа цомог нь худалдаанд гараагүй байсан нь 5/27-нд болсон автомашингүй өдрөөр HiFi төв салбарын гадна болсон нээлттэй өдөрлөгөөр бидэнд ирэх байж л дээ. PLAYTIME наадмыг нээх хамтлаг ESCAPE-нхнийгээ үзэж хорхойгоо дарах гэж яваад далиманд нь The Lemons-нхний зохиосон тэмцээний ялагч болж UNPLUGGED IN UB цомгоо ч олж авлаа. Бөөн баяр болсон хүн л өрнөдийг зорив. Ингээд Chicago-тай танилцаад Дэлхийн Галзуу Хулганын Нийслэлдээ ирж, зуны эхний сарыг соёлын солилцоонд алмайрч л өнгөрлөө. 7 сар ч гарч Америкийн Нэгдсэн Улс 241 насныхаа төрсөн өдөртэй золгож, өнөөх цуураад байдаг солиут нь дайн болж буй мэт чимээтэй, хэзээ ч дуусахгүй мэт удаан бууддаг аж. Цаашлаад эд нар 7 сард зул сарыг хүртэл тэмдэглэдэг нь миний хүслийн жагсаалтыг гүйцээх шахна. Сарын сүүлд та хэдийн Pumped Up KIcks дуугаар нь сайн мэддэг Foster The People-н тоглолт руу Dodge түрээслээд л явчихлаа.

Яаааг орохын өмнө

Үгүй ээ… Үнэхээр л эрх чөлөөний орон гэж энэ юм аа. Ohio мужийн нийслэл Columbus-тай танилцчихаад, даруухан үдийн зоогийн дараа тоглолт руугаа явав. Тоглолт ямар байсан бэ гэвэл би тэр үдэш дууг нь машиндаа аялсан чигтээ буцаж, маргааш нь таарсан хүн бүхэндээ ярьсан, магадгүй намайг мужийн хамгийн азтай залуу болгосон тийм л тоглолт байсан. Гэхдээ энэ миний үзсэн хамгийн гайхалтай тоглолт байсан уу гэвэл энэ хоёрт бичигдэхээр байсан. Нэгт бичигдэхийг нь одоо ярьж өгье.

Хэрвээ надад дэлхий дээр ганц л хамтлагийн тоглолтыг үзэх боломж байсан бол маргаангүй Coldplay-г сонгох байсан. Энэ хамтлагийг сонсох тусам аялгуунд нь дурлаж, авьяас чадвар, мэдрэмжид нь улам бүр автам. Тэднийг сонссоноор чих нээгдээд зогсохгүй олон сайхан хүмүүстэй танилцаж, амьдралын нөхдөө олж, одоогийн өчүүхэн “би” оршиж буй юм. Харин энэ зун надад маш их аз завшаан тохиож, мөрөөдлийнхөө нэгийг биелүүлэх боломж буюу Coldplay-н тоглолтыг үзэх тасалбарыг авсан юм. Тоглолтыг үзэхээр очиход л хот дүүрэн хамтлагийн зурагтай пудволк өмссөн, зурагт хуудас барьсан хүмүүс холхилдож, өнөөх алдарт Cleveland Cavaliers (нээрээ тохиолдлоор Lebron James-г ойроос харж амжсан) багийн тоглодог Quicken Loans Arena үзэгчдийг хүлээн авахад бэлэн болж байлаа.

Тоглолттой холбоотой жиргээнүүд энэ дэлгэц дээр шууд гарч ирнэ. Догь байгаа биз?

Эхлэхээсээ дуусах хүртэл өөрийгөө чимхэх нь холгүй, зүүд бодит байдал нэг дор орших шиг санагдан, тэдний хөгжмийн тансаг аянд шумбан урслаа. Нөгөө мужийн хамгийн азтай залуу чинь одоо тивийн хамгийн азтай залуу болсон шүү. Тоглолт дууссаны дараа ч аз миний талд байж гарын үсэгтэй палкаттай боллоо. Энэ байдлаар миний зун өндөрлөх тийшээ хандаж, эцсийн маршрут NEW YORK-руу нүүв. Үнэхээр л кинон дээр гардаг шиг хүн бүр завгүй, ийш тийшээ холхисон, өөрийн мэдэлгүй л сандраад яармаар, сонин худалдаж аваад Central Park-д суумаар болдог юм билээ. Унтах гэж л очих байж airbnb-р 2 унтлагын өрөө, 2 угаалгын өрөөтэй 2 давхар сүрхий байшин түрээсэлчихсэн, үнэхээр л NewYorker байдалтай хэд хоногийг тэнд өнгөрөөж, энэ тэрийг сонирхсоор Америк дахь сүүлийн өдрүүдээ гайхалтай зарцууллаа. Улаанбаатарт ирээд ганц тасархай арга хэмжээнд л очсон байх. Утга учиртай хэлэлцүүлэг гэх тодотголтой Unread-н багийн бүтэн жил юу хийж бүтээсэн, ирэх онд юу төлөвлөсөн, гарааны бизнесүүд аль шатанд хэрхэн өрсөлдөж буй, баялаг бүтээгчид хэнээс суралцаж байгааг UNPLUG 2017 толилууллаа. Үнэхээр л пуужинд сууж хөөрөх шиг сэтгэгдэлтэй буцсан. Unread болон хамтран ажиллагсдад нь дахин дахин баяр хүргэе!

Ажил алба

Зун намайг адал явдалд хөтөлсөн бол намар намайг ажил хэрэгт дуудав. Намар болсон зүйлсийг ярихаас өмнө хавар оролцсон нэг тэмцээнийг сонордуулъя. Өмнө хот хоорондын тээврийн асуудлыг шийдсэн апп-р Startup Weekend Nomad Edition-д тэргүүн байр эзэлж байсан мундаг багийн хамтаар Монгол Контент болон НҮБ-н Хүүхдийн Сангаас хамтран зохион байгуулсан “Hacking for Youth Health” тэмцээнд өөрсдийн хүчирхийллээс хамгаалах апп-н санаагаар 3-р байранд шалгарлаа.

Манай апп-н interface

Товчхондоо бол music player дотор тань яаралтай тусламжийн нэмэлт цэс байршуулах ба энэ нь таны дотны хүнд бэлтгэгдсэн мэссэжийг байршлын тань хамтаар илгээх юм. Илүү нарийн зүйлсийг эндээс уншиж болно.

Би энэ намар хичээл багатай байсан учир ажилд орж, өөрийгөө соръё гэсэн бодолтой байсан юм. Тэгсэн энэ бодолтойгоо сар гаруй явж байгаад Монголын Үндэсний Маркетингийн Холбооны жил бүр зохион байгуулдаг “Marketer’s Day”-н ажлын хэсэгт орох боломж олдож, мэргэжил нэгт маркетеруудаас үнэтэй зөвлөмжүүдийг авсан. Харин дараа нь Дэлхийн Мисс-н тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох Ц.Энхжингийн арын албанд хүчин зүтгэж, мисс маань мультемедиа төрөлдөө ялалт байгуулаад зогсохгүй шилдэг 15-д шалгарч үлдсэн билээ.

Ажлын багийн хүлээн авалт

Өмнө оны амжилтыг ахиулж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөр гаргахад түүний хувийн хичээл зүтгэлээс гадна дээрх зурган дээр харагдаж буй эрхмүүдийн асар их хүч хөдөлмөр шингэсэн. Эдгээр хүмүүсээс олон зүйл сурахын хажуугаар Viral Agency-д мэргэжлийнхээ дагуу алба хашиж, мундаг хамт олон дунд, маркетинг чухам яаж ажилладаг, хэрхэн бүтдэг талаар багагүй зүйлсийг анзаарч, өнөөх лаг Unplug 2017-н бяцхан хэсэг болох завшаан хүртэл тохиолоо.

Төгсгөлийн оронд

Хүн бүрд энэ он өөр өөр хичээлийг зааж, ирэх он шинэ шинэ боломжуудыг бэлэглэх байх . Миний хувьд дор хаяж 10'000+ минутыг хөгжим сонсож, 50'000+минутыг кино үзэж, олон мундаг хүмүүстэй танилцсан, мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлсэн, маш их алдсан, суралцсан, оролдсон хэтэрхий сонирхолтой жил өнгөрлөө. Харин ирэх он илүү ихийг бүтээсэн, илүү их хүндэлсэн, илүү их суралцсан, илүү их хайрласан жил байг!

Баярлалаа, бас Баяртай 2017!

Уулзахад таатай байна, 2018!

--

--