2018: Хариуцлага хүлээсэн жил
--
Очсон газар, оролцсон арга хэмжээ г.м
Шинэ жил гэдэг ид шидийн баяр биш. Шинэ он гарсан даруйд л таны шинэ хувилбар гарч ирээд ирэх оныг “хашраагаад” өгнө гэсэн зүйл огт байхгүй. Харин алдсан боломж бүрээ ахин нэг санаж, гаргасан алдаа бүхнээ давтахгүйг сануулдаг, хэчнээн төөрөлдсөн ч шинээр эхлэх найдлага төрүүлдэг энэ баярыг итгэл найдварын баяр гэлтэй. Жилийн энэ үед саарал хотын маань утаа дээд цэгтээ хүрч, энд тэндгүй байгууллага хамт олны баярын цэнгүүн, тэргүүний ажилтны энгэрийн тэмдэг, шагнал, жуух бичиг, монитагийн бэлгээр бялхдаг билээ. Эдгээрээс хамгийн онцгой нь хүмүүс өнгөрсөн ондоо дүгнэлт хийн, ирэх ондоо ямар нэг гайхалтай зүйлийг бүтээх зорилгыг дэвшүүлдэг. Миний хувьд энэ он сургуулиа төгсөх, ажилд орох, бие даан амьдрах гэх мэт “том хүний” амьдралд хөл тавьсан, хариуцлага хүлээсэн жил байлаа.
Кино ба ТВ цуврал
14 жил хүлээлгэсэн The Incredibles-н эргэн ирэлт, Mission Impossible-н франчайзд тэсрэлт хийсэн Fallout, Micheal Bay-гүйгээр амжилт олсон Transformers-н spinoff Bumblebee гээд олон киноны шинэ ангиуд гарснаас Marvel-н 10 жил төлөвлөсөн Avengers: Infinity War цацагдаж энэ оны хамгийн өндөр хүлээлтийг эцэслэлээ. Хэний ч төсөөлөөгүй өндөр амжилтыг үзүүлсэн Black Panther нь Marvel-н хамгийн олон хар арьст жүжигчдээс бүрдсэн кино багийн бүтээл гэдгээрээ онцлог байсан бол Hollywood-д дутагдаж байсан ази нүүр царайг тодотгосон Crazy Rich Asians эргэлзээгүй энэ оны гол дүрүүдийн нэг байлаа. Хамгийн залуу Оскарын шагналтнуудын нэг 33 настай найруулагч Damien Chazelle-н First Man хүн төрөлхтний хөгжлийг нэг шатаар ахиулсан үйл явдлыг ойроос мэдрэх боломжийг бидэнд олгосон бол өнгөрсөн зууны хамгийн дуулиантай хамтлагуудын нэг Queen-ий түүхийг өгүүлэх Bohemian Rhapsody, DC-с энэ онд гаргаж буй цорын ганц кино Aquman нар энэ оныг итгэл төгс хаалаа.
Театрт л кино нээдэг байсан үе ганхаж, streaming үйлчилгээний эрин үе айлчилж буйг Netflix тэргүүтэй streaming үйлчилгээнүүд ахин дахин нотолж байна. Цацагдсан долоо хоногт нь 45 сая гаруй хүн үзсэнээр Netflix-н шинэ дээд амжилтыг эзэмших болсон Bird Box бол тэдний энэ онд нийт контентэд зарцуулсан 13 тэрбум $-н 85%-г зөвхөн оригнал контентэд зарцуулсан шалтгаан нь юм.
ТВ цувралын тухайд Game of Thrones-г эзгүй хойгуур HBO хоосонгүй байлаа. Тэдний урдаа барьдаг цувралуудын нэг Westworld-н 2-р улирал Jonathan Nolan, Lisa Joy Nolan ба J.J.Abrams-н нэгдэл хэр хүчтэйг дахин батлан харуулсан бол sitcom-н тухайд цахиурын хөндийд хөл тавьж буй гарааны бизнес Pied Piper-н тухай өгүүлэх Silicon Valley-н шинэ улирал, Golden Globes-д хүчтэй өрсөлдсөн Barry нар биднийг огтхон ч уйдаасангүй. 17 оны Emmy-д өндөр амжилт үзүүлсэн The Handmaid’s Tale-н шинэ улиралд найдлага хүлээлгэж байсан ч The Americans-н сүүлийн улирал гайхам амжилт үзүүлж энэ жил шагналын хуртай байлаа. Мөн энэ онд бид эмэгтэй Doctor Who-тэй танилцаж, өнөөг хүртэл үргэлжилж буй хамгийн амжилттай sitcom-уудын нэг Big Bang Theory-н сүүлийн улиралтай золголоо. Гэхдээ тэдний хэн нь ч Breaking Bad-н spinoff Better Call Saul-тай дүйцсэнгүй. Үзэгдэл бүр дээрээ онцгой анхаардаг, хэтэрхий овжин заль, хэтэрхий бодит харилцан яриагаараа Saul Goodman энэ оны онцлох дүр байлаа.
Хөгжим
Бүх цаг үеийн рекордууд удаа дараалан эвдэгдэж, дэлхий нийтээрээ урхинд(trap) орж буй нь харамсалтай ч юм шиг. Энэ оны онцлох уран бүтээлч эргэлзээгүй Childish Gambino байлаа. Хувьдаа түүнийг сонсдоггүй ч дуунуудын утга агуулга, клипний хийц зэргээрээ нэг үеийн уран бүтээлчдээсээ том зургаар харж, хүмүүсийн анзаардаггүй өнцгийг сөхөж буй нь түүний чансааг илтгэнэ. Мөн James Corden-ий Carpool Karaoke-н Paul McCartney-гийн оролцсон дугаар бидний үе түүний тоглолтыг үзэх боломжтой сүүлийн үе гэдгийг санууллаа. 20 жилийг ардаа үдсэн Coldplay-н нэгэн аялал ийнхүү дуусаж, өөр нэгэн аялал эхлэх гэж буйг тохиолдуулан 7-дох студи цомгийн нэрээр нэрлэгдсэн “Coldplay: A Head Full of Dreams” баримтат кино гарлаа. Тус кино дэлхий даяар кино театруудад нэг л удаа цацагдах байсанд Монгол улсыг багтаах гэж Самбуу-Ёндон тэргүүтэй Монгол дах Coldplayer-үүд нэгдсэнээр гайхамшиг биелдгийг нотоллоо. 2014 онд танилцаж байсан бидний хэдэн нөхдийг нэгтгэсэн зүйл давлагаалсаар олон зуун хүмүүсийг эгнээндээ нэгтгэж Coldplay-д Монгол улс оршдогийг ахин нэг сануулаад амжлаа.
Өнгөрсөн оны нийтлэлдээ пянз цуглуулдаг хоббитой болсноо хэлж байсан. Энэ жил Монголын пянзчидын хувьд онцлууштай жил болж өнгөрлөө. “The Lemons — Red Album”, “The Colors — Би Тэнгэр лүү Унаж Байна” нарын эхлүүлсэн буухиаг удахгүй A-Sound — Anicca, Night Train — Цэнхэр Шувуу үргэлжлүүлэх сурагтай. Мөн Vinyl Lounge буюу пянзны кафе үүд хаалгаа нээж пянз цуглуулагчид цуглах цэгтэй болов. Би ч цуглуулгадаа дээрх хоёр пянзнаас гадна Radiohead-нхээ хоёр пянзыг нэмлээ. Хөгжмийн streaming үйлчилгээнүүдийн гол дүр Spotify энэ онд IPO хийсэн ч хойд Америк дах нийт хэрэглэгчээрээ Pandora тэднээс илүүрхэв. Харин Apple Music 3 сарын үнэгүй ашиглах эрх санал болгосон ч хэрэглэгчдийн тоогоор 125 сая дууны сантай Soundcloud Go-н талд нь ч хүрсэнгүй. Харин Deezer яаж оршдогийг бүү мэд :P Миний энэ оны статистик өмнөх оныхоос 28% илүү байж, Spotify-д15 мянга гаруй минут зарцуулжээ.
Арга хэмжээ
Fortnite, PUBG-н ноёрхол олон тоглоомыг battle royal модел руу шилжихийг уриалсан, криптовалютын хаан биткойн уналттай нүүр тулсан, Apple ахиад гурван iPhone-оо танилцуулж, Samsung нугардаг утсаа гайхуулаад амжлаа. Cambrigde Analytica-н скандал булган сүүлтэй байж, олон сая хүний дата хууль бусаар ашиглагдаж, сайтууд ар араасаа нууцлалын бодлогоо шинэчлэлээ. Bill Gates дэлхийн хамгийн баян хүний байр сууриа Jeff Bezos-д хүлээлгэн өгч, Elon Musk “уйтгартай” төслүүдээ хэрэгжүүлж байх зуур 2018 он Stephen Hawking, Stan Lee нарын домгуудыг биднээс аван одлоо. Энэ бүгдээс хамгийн сонирхолтой нь улаан нүдэн гарагтай дотно танилцуулах Insight хөтөлбөр төлөвлөсөн хугацаандаа амжилттай газардаж өмнө нэг нийтлэл дээр дурдаж байсанчлан миний нэрийг оролцуулаад 2'429'807 хүний нэр Ангарагтай танилцлаа.
Энэ онд очсон, оролцсон, үзсэн арга хэмжээнүүд сонин, содон байсан ч Playtime-г гүйцэх нь байсангүй. Урьд урьдын жилүүдээс илүү өндөр зохион байгуулалттай, илүү гэр бүлд ээлтэй, илүү онцгой хөтөлбөртэйгөөр эргэн ирсэн PLAYTIME бид бүгдэд фестивалийн жишгийг харууллаа. Үндсэн гурван тайзны line-up 2016 оных шиг тасархай байгаагүй ч алгассан жилийг маань нөхөж буй мэт The Fin, 80-д оны видео тоглоомын хэв маягийг санагдуулам LudiSTELO, цомгоо гаргасан Futuroma, анхны headline-аа хийж буй The Colors нар үзэгч олноо баясгасан юм. Хөгжмийн фестиваль гэхээр тайзан дээр гарсан хамтлаг бүрийг сонсож, өдөр нь наранд гандаж, шөнө нь салхинд туугдана гэсэн үг биш. Зохион байгуулагчид хүн бүрд хүртээмжтэй байлгах үүднээс туслах гурван асрыг байрлуулснаас Хаан банкны Green Tent-д Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын тоглолтууд, Night Train, The Lemons-н тоглолт, Waldo асарт Silent Party, иога, кофены сургалтууд, VR үзүүлэн, La Vie En Rose-д Алтан Хальс-н кинонууд, UB Comedy, FuckUpNights Ulaanbaatar, Unread-с танилцуулж буй PechaKucha Night Ulaanbaatar гээд олон олон хөтөлбөрөөр бөмбөгдөж наадамчид амсхийх ч завгүй хөгжилдөж, суралцаж, хуваалцаж байсан юм.
Өнгөрсөн жилийн Unplug дээр танилцуулж байсан HUB Innovation Center 6 сарын 6-нд сүр дуулиантай нээснээр Unread-н арга хэмжээний буухиа эхэлсэн юм. Тэд PLAYTIME дээр танилцуулсан Pecha Kucha Night Ulaanbaatar буюу бүтээлч илтгэл танилцуулах консепцийн дагуу хоёр ч арга хэмжээ хийгээд амжлаа. 20 слайд тус бүрийг 20 секундэд багтаан ойлгуулах тус формат нь Японоос гаралтай бөгөөд pecha kucha нь chit-chat гэх утгыг илэрхийлнэ. Мөн Нью-Йоркоос гаралтай 30 гаруй хотод нэгэн зэрэг зохиогддог Social Media Week арга хэмжээг Филиппиний Montgomery Fitch-тэй хамтран албан ёсны эрхтэйгээр анх удаа зохион байгуулж медиа+маркетинг+технологийн салбарын экспертүүд, сошиал медиа дээрх нөлөөтэй хэрэглэгчид, олны танил эрхмүүдээс бүрдсэн хэлэлцүүлэг, сургалт, семинарууд бүтэн долоо хоногийн турш үргэлжилж бодит кэйс, туршлагаа хуваалцлаа. Гадаадад суралцахыг хүссэн хүн бүрийн зорих цэг болох Inspired арга хэмжээ дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын төгсөгч нар, боловсролын зууч, сургалтын төвүүд зэрэг олон талыг уулзуулсан, мэдээлэл солилцуулснаараа онцлог байв. Энэ бүгдээс хамгийн их хүлээлттэй нь шинэ үеийн манлайлагчдын хамгийн том цугларалт тодотголтой Unplug 2018-д шинийг санаачлагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчид, залуу манлайлагчид хамтдаа утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлж, урам зоригоор тэтгээд зогссонгүй. Байгальд ээлтэй арга хэмжээний форматыг нэвтрүүлж, цаас, хуванцар савны хэрэглээг халсан нь тэдний хэрхэн түрүүлж алхаж буйг харуулна. Ухаалаг хэрэглээг сурталчилж, утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлсэн Unread-н энэ онд зохион байгуулсан нийт арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 25'000 хүн оролцжээ. Энэ тоо цаашид ч өсөж хилийн дээс алхсан Unplug нь Бээжингээс цааш Манила орох болсон нь хамгийн бахархууштай мэдээ байв.
Ажил алба
Энэ жил мөн л хичээл багатай байсан тул Viral Agency-д мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллав. Хэрвээ та өмнө нь дуулаагүй бол Viral нь энэ оны онцлох санаачилгуудын нэг Unfriend хөдөлгөөний зохион байгуулагч, АПУ, MCS Coca Cola, Mobicom тэргүүтэй компаниудын олон олон брэндүүдийн хуудас хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн, контент бүтээх, сошиал медиа хөгжүүлэх үйлчилгээгээр мэргэшсэн маркетингийн агентлаг юм. Удалгүй 3 сард Unread-н багт нэгдэх завшаан тохиож бидний өдөр тутам алдалгүй уншдаг контентүүд хэрхэн бий болдгийг дотроос нь харлаа. Бүтээлч хамт олны дунд цаг хугацаа hyperloop-ийн хурдаар өнгөрсөөр нэг харахад хаврын сүүлийн өдрүүд айлчлан ирэв. Би хичээлд онц анхаарал хандуулдаг байгаагүй ч гэр бүлийн дэмжлэгийг хөсөрдүүлэхгүйн тулд бакалаврын дипломыг +A гэх сүрхий өндөр дүнтэй хамгааллаа.
Youtube дээр сонсож байсан дуугаа зогсоогоод хааяа ч гэсэн шинэ санаа, шинэлэг шийдлээр тархиа цэнэглэе гэж боддог биз дээ? Тэр үед TED л хамгийн сайн найз болдог гэдэгт эргэлзэхгүй байна. Technology, Entertainment, Design гэх гурван үгний нийлбэрээс бүтсэн энэ хүрээлэл хэрхэн өдөр бүр дэлхий даяар олон сая хүнд урам зориг өгч буй нь гайхалтай. Төгсөхөөс өмнө амжуулсан нэгэн ажил нь эдгээр хүрээллийн нэг болох Монголын анх бас хамгийн том TED-н бие даасан арга хэмжээ TEDxUlaanbaatar-н зохион байгуулалтын багт орон ажиллах боломж олдсон явдал юм. Энэ жилийн сэдэв “Momentum бол хамтын хүч оролцож буй хүн бүрийн чадал, хурднаас хамаарахыг сануулах байгалийн хууль. Моментум бидэнд хөгжлийн харгуй замаар хамтдаа урагшлах, тулгамдсан олон асуудлыг хамтдаа хэлэлцэх, хамтдаа шийдэх нь ямар их боломж бололцоог нээж, ганцаар бүхнийг сөрөхөөс илүү цаг хэмнэж болохыг сануулна.”
Ийнхүү 15 илтгэгч, 40 хүнээс бүрдсэн зохион байгуулалтын баг хамтран нэг өдрийн турш 1000 хүнийг эрч хүч, урам зоригоор цэнэглэх ажилд шамдан, цаашлаад тухайн 1000 хүний найз нөхөд, гэр бүл, илтгэлүүдийг youtube сувгаас үзэх олон мянган хүнд үнэ цэнтэй санааг түгээн дэлгэрүүлж, тэдний тархинд оюуны шуурга дэгдээх үйлийг амжилттай гүйцэтгэсэн билээ.
Үүний дараа гэрийнхэнтэй хийсэн хачирхалтай тохиролцооны дагуу бие даан амьдрах үйлийг албан ёсоор эхэлж, гэрийнхээ замын эсрэг талын байранд нүүн орлоо. Ингээд дипломын хамгаалал дууссан өдөр би гэдэг хүн харьяалагдах газаргүй, хийх зүйлгүй, зорьсон зорилгогүй байсан учир дэмий л үүл ширтэж хэдэн цаг суулаа. Хэсэг дэмий үрэх цаг хэрэгтэй санагдсан тул зуны 3 сар энэ байдлаар салхины чимээ сонсож, тэнгэрийн хаяа ажиж өнгөрөөв. Энэ хооронд Улаанбаатараас холдсон ганц тохиолдол нь Action Asia 2018 марафон байсан ба элсэн тасархайд 3 хоног дэлхийн өнцөг бүрээс ирсэн 200 гаруй хүнтэй адал явдал хуваалцсан энэ үйл явдлыг эс тооцвол үнэхээр уйтгартай атлаа тааламжтай зун байв. Ингэсээр намар хаалга тогшиж, хэрэглээний төлбөр, өдөр тутмын зардал, хариуцлага зэргээс зугтаж чадахгүйг маань сануулж удалгүй ажилд орлоо. Гарааны бизнест алба хаших болсон учир бичиг баримт бүрдүүлэлт, тамга тэмдэг хийлгэхээс эхлээд компанийнхаа нэрийг хүртэл өөрөө өгсөн юм. Ингээд ажилтай золгож төсөл хөтөлбөрүүд дээр ажилласаар оны эцэст түрүүн дурдсан хариуцлагатай хэрэглээг сурталчилж, утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлсэн стартап хөдөлгөөний баяр Unplug дээр ч ахиад ажиллах боломж тохиов.
Төгсгөлийн оронд
Хэдий энэ онд цөөнгүй ажил амжуулж, ийш тийш олон дахин гүйсэн байж болох ч түүнээс илүү буруу шийдвэр гаргалт, давтагдсан алдаа, оновчгүй сонголт хийлээ. Бие даан амьдрах хэв маяг, 20 нас, диплом, тилт зэрэгтэй дотно танилцсан 2018 он ажил хөдөлмөр, амжилт бүтээлийн жил байгаагүй ч оны төгсгөлд өнгөрсөн онд гаргасан алдаагаа залруулах, ахиад нэг оролдоод үзэх, 2019 он руу эгцлэн харах итгэл найдвараар цэнэглэгддэг нь шинэ жилийн баярын хамгийн гайхалтай хэсэг. Иймд ирэх он нэг нэгэндээ илүү их анхаарал тавьсан, илүү их ойлгосон, илүү их хуваалцсан жил байг!
Уучлаарай, бас хагацъя 2018!
Удаан хүлээлээ шүү 2019!