2019: ТВ цуврал машиндсан жил

Tengis Batjargal
7 min readJan 2, 2020

Үзсэн тв цуврал, сонссон цомог г.м

Ананастай тахиа, оргилуун дарсаар бөмбөгдсөөр шинэ он гарлаа. Энэ жил нэг арван(decade) дуусаж байгаа гэдгээр 10 жилийн онцлох жагсаалтууд интернетийг бүчиж, албан байгууллага, хамт олнууд шинэ жилээ тохиолдуулан оны шилдгүүдээ тодруулж, энд тэндгүй шагналын хур буусан, газар сайгүй архидсан, зарим нэг нь нас барсаар 2020 онтой золголоо. Medium-дээ ондоо л нэг нийтлэл оруулдаг муу зуршилтай боллоо шүү.

Кино ба ТВ цуврал

Marvel-д үгүйлэгдэж байсан эмэгтэй гол дүрийн орон зайг дүүргэсэн Captain Marvel, Infinity saga-н төгсгөлийг авчирсан ENDGAME-н ноёрхол, цаашид MCU-г хэрхэн үргэлжлэх сэжүүр өгсөн Spiderman: Far From Home, супер баатартай киноны хэв маягийг дагаагүй Joker, ар араасаа цуварсан Disney-н live action-ууд, Netflix-н түүхэн дэх хамгийн өндөр төсөвтэй жилийн ашгийн гаргасан Marriage Story болон дуусаж өгдөггүй Irishman, классик Тарантиног илтгэх Once Upon a Time in Hollywood, дүү нарын маань нэрлэж заншсанаар “Лэригө”, театрын нэршлээр “Хөлдүү” буюу Frozen-ий удаан хүлээлгэсэн анги нээж хүүхэд багачууд театрыг дүүргэв. Манай улсад нээлтээ хийгээгүй тасархай кинонуудыг Ulaanbaatar Independent Film Festival-н дэлгэцээр үзэх боломж тохиолоо. Elton John-ий амьдралаас сэдэвлэсэн Rocketman кинонд түүний дүрийг бүтээсэн Taron Egerton гайхмаар адилхан болжээ. Солонгосын сор найруулагч Bong Joon Ho-н Parasite жинхэнэ алмайруулж чадлаа. Rise of Skywalker бас нэг маргааны сэдэв үүсгэж J.J.Abrams шүүмжлүүллээ.

Солонгосын анхны оскарыг Parasite авчихдаггүй л юм байх даа.

Хэрвээ сүүлийн арван жилийг тодорхойлох нэг тв цувралыг нэрлэхээр бол маргаангүй Game of Thrones байх болно. Сүүлийн улирлаа хэчнээн муу хийсэн ч тэд тв цувралын эзэмшиж болох олон амжилтыг эвдэж, сая сая хүмүүс GOT-г хайрласан. GOT дууссан гэдэг нь HBO-н төгсгөл биш гэдгийг Watchmen тэргүүтэй His Dark Materials, Euphoria, Succession(S2), Barry (S2), True Detective (S3) болон мини цувралын оргилд гарсан Chernobyl батлан харууллаа. Энэ зуур Netlfix түүхэн дэх хамгийн олон оригнал контент цацсан жилээ Love, Death & Robots, Living with Yourself, Sex Education, The Witcher зэрэг шинэ цувралууд, бидний хайртай Stranger Things (S3), ирээдүйг хэтэрхий бодитоор тусгасан Black Mirror (S5), өсвөр насныхны моод болж буй The End of the Fucking World (S2), хайраас болж юу ч хийхээс буцахгүй You (S2) гээд олон оригнал контентоос гадна олон улсад цацах эрхийг нь эзэмшиж буй Rick and Morty (S4), диваажингийн сонирхолтой төсөөлөл The Good Place (S4)-г бидэнтэй танилцууллаа. Бусад streaming service-үүд ч мөчөөгөө өгөлгүй Hulu-с The Handmaid’s Tale (S3), шинэхэн мэндэлсэн Disney+н The Mandalorian, амбицлаг эхэлж буй Apple TV+н The Morning Show-г гаргасан ч супер баатруудын амжилттай цувралын төсөөллийг Doom Patrol, Teen Titans зэргээр хязгаарлахаас сэрэмжилж огт өөр өнцгөөс супер баатруудын амьдралыг харуулсан Amazon Prime Video-н The Boys миний хувьд энэ оны хамгийн тасархай цуврал байлаа. Ер нь дээр дурдсан болон дурдаагүй гээд маш олон тв цувралыг энэ онд үзэж дуусгалаа. Энэ рекордоо мөд эвдэхгүй байх гэж найдаж байна :p

Хөгжим

Энэ салбарт юу болж байгааг дэлгэрэнгүй бичихэд миний ойлголт нэгэнт хоцорчээ. Чарт тэргүүлж байгаа уран бүтээлчид дундаас таньдаг нэр ховордоод их хэцүү юм. Юутай ч зүс мэдэхээс Taylor Swift, Lana Del Rey эгч нар маань бизнест эргэн ирсэн бололтой. Энэ салбарт нас бол тоо гэдгийг 18-той охин Billie Eilish сануулав. Хэний ч төсөөлж байгаагүй амжилтыг үзүүлсэн The Hu-н байлдан дагуулал Billboard-н 1-р байр луу чиглэснийг дурдахгүй өнгөрөөж болохгүй. Миний хувьд Coldplay-н цаг үеэсээ түрүүлж алхсан Everyday Life, бараг гарахгүй гэж бодож байсан Keane-н Cause and Effect, этгээд боловч тааламжтай аялгуу бүхий Cigarettes After Sex-н Cry цомгуудтай танилцсан, мэдээж хэрэг The Beatles, Radiohead-н домгуудаа орхигдуулаагүй сайхан л жил байлаа.

Энэ онд хамгийн их сонссон уран бүтээлчийн жагсаалтыг Radiohead тэргүүлсэн

Jay Z өөрийн үүсгэн байгуулсан TIDAL-г сурталчлах үүднээс бусад streaming service-с дуунуудаа буулгасан байсан нь эргэн сэргэжээ. Магадгүй энэ олон streaming-үүд эхнээсээ уналтад орох цаг нь ойртсон байх. Дизайн муу ч өрсөлдөхүйц үнэтэй Deezer, Amazon-ий Prime-д дагалддаг Amazon Music, радиогоор зодоод байдаг Pandora, өөрсдийн нэрийн шагналтай болсон Apple Music, гэр студийн артистуудын цуглах цэг Soundcloud, өвөрмөц моделтой Youtube Music гээд олон streaming үйлчилгээ бий ч хэн ч Spotify-тай дүйцсэнгүй. Энэ онд хийсэн дизайны шинэчлэл болон podcast сувгаа тусгаарласан нь анзаарахгүй байх аргагүй онцгой байлаа. Хоносон цуйван + Сүүтэй цай гэдэг шиг streaming юутай хосолдог гээч? Smart Speaker! Amazon Echo, Google Home, Google Nest, Apple Homepod, Sonos One гээд ухаалаг спикерүүд ар араасаа худалдаанд гарах зуур дуу хоолойгоор удирдах ухаалаг туслагч (smart assistant) хоорондоо өрсөлдөөд эхэлжээ. Аудио контентыг хэдийнээ дуу хөгжмөөр хязгаарлахаа больсныг Spotify-д буй 500'000 гаруй подкаст болон өнгөрсөн жилийнхээс 50%-р өссөн подкаст сонсогчийн тоо, 39%-р өссөн сонссон хугацаа зэрэг үзүүлэлтүүд батална.

Арга хэмжээ

Өнгөрсөн жил моодонд ороод байсан battle royal модел руу тоглоомууд шилжсэнээс хамгийн даацтай нь Call of Duty байв. Нээлтийн долоо хоногтоо л 100 сая хэрэглэгч татаж Fortnite, PUBG хоёрын амжилтыг хол илүү давсан нь Call of Duty-н чансааг харуулна. Brexit-Boris, Impeachment-Trump, Hong Kong жагсагчид, Трамп Ким нарын уулзалт, Хятад-Америкийн худалдааны дайн, энд тэнд үргэлжилсэн мөргөлдөөнүүд, одоо ч дүрэлзсээр буй Амазоны түймэр, Парисын баяныг нотолсон Нотр Дамын гал, дэлхийн удирдагчид руу “зандарсан” Грета, хоол хайж тосгон руу орсон цагаан баавгай, бидний халаасыг хоосолдог шинэ iPhone, Элон Маскийн хал нь гаднаа хайр нь дотроо Cybertruck, триллион долларын үнэлгээтэй компанийн эгнээнд нэгдсэн Microsoft зэрэг олон онцлох дүрүүд 19 оныг тодорхойлов. Энэ дотроос орхиж болохгүй нэгэн чухал үйл явдал бол медиа салбарын түүхэн дэх хамгийн том худалдан авалт болох Disney-н 71.3 тэрбум ам.доллароор Fox-г “зодсон” наймаа эцэслэлээ. Monopoly тоглоомын бодит хувилбар шиг энэ үйл явдлаар Disney тоолж баршгүй патентын эзэмшигч болж байна. Энэ дундаас Marvel-с салаад байсан X-Men, Fantastic Four нарыг бусад баатруудтай нь эргэн нэгтгэсэн нь хамгийн онцлууштай.

Цонхон дээр суусан ялаа

Өнгөрсөн жилийн адил PLAYTIME-г онцлох арга хэмжээгээр нэрлэе. Taiwan-с ирсэн Sunset Rollercoaster, ойрд харагдаагүй Sir Alex-д анхаарлаа хандуулж очсон ч A-Sound Тэмүүлэн ах маань Цонхон дээр суусан ялаа цомгоо бүтнээр нь дуулж, анх удаа тухайн цомгийг амьдаар нь сонсох, тэр ч байтугай цомгийн хамтран бүтээгч Төрмөнх гуайн шүлэг уншдаг хэсэгт өөрөөр нь уншуулсан нь миний PLAYTIME-г өнгөллөө. Энэ жил мөн л олон асар, олон үйл ажиллагаатай байсан ч наадам маань хүнээ дийлэхээ больсон харагдана. Хоолны асрууд дандаа л оочиртой, арай гэж ээлж болоод хоол авах гэтэл хоол нь дуусчхаад байсан нь энэ жил наадамчин олны тоо эрс өссөнийг илтгэж байв. PLAYTIME-с өөр газраар тэнэсэн дурсамж байхгүйг бодвол энэ жилийг арга хэмжээ хэсэлгүй даруухан өнгөрөөсөн бололтой.

Ажил алба

Төгссөнөөс хойш сурах процесс удааширдаг гэж бодсон эсрэгээрээ төгсөөд л сурч эхэлдэг ажээ. Их сургуульд заадаг зүйлс ажил дээр хэрэг болох нь цөөхөн бөгөөд ажиллаж байхдаа л хамгийн хэрэгтэй чадваруудад суралцдаг юм шиг санагдлаа. Гэхдээ акедемик боловсрол гэдэг өөрөө орлуулшгүй тул Pennsylvania-н Их Сургуулийн бизнесийн сургууль болох Wharton-д профессор, Contagious номын зохиогч Jonah Berger-н онлайн хичээлд хамрагдлаа. Нээлттэй боловсрол гээд Энхбат гуайн яриад байдаг зүйлийг өөрөө туршсан үнэхээр таалагдлаа. Ер нь хүн бүрийн сурах процесс өөр тул тухайн хүн өөртөө таарсан арга барилаар суралцвал оновчтой. Зарим хүмүүст танхимын боловсрол илүү өгөөжтэй байдаг бол заримд нь TED-н бичлэг ямар ч хичээлээс илүү байдаг. TED-н бичлэг гэснээс энэ жил ахиад Монголын хамгийн анхны бөгөөд хамгийн том TED-н бие даасан арга хэмжээ TEDxUlaanbaatar-д ажиллав.

TEDxUlaanbaatar зохион байгуулалтын баг

Бидний хийж буй ажил хүмүүст хэрхэн үр өгөөжөө өгч буй, ямар гайхалтай хүмүүс бидэнтэй хамт оршин буйг гайхаад барахгүй юм аа. Ингэхээр буцаад өөрийнхөө хийж буй зүйлс, оролцоондоо гэмших сэтгэл төрөөд салахгүй тул НҮБ-н Залуучуудын Зөвлөх Хороонд нэгдэж өөрийн чадах зүйлээр хувь нэмэр оруулахаар болов. НҮБ-н харьяанд байх нь асуудлыг илүү том зургаар харж, даацтай сэтгэхэд туслахаас гадна олон экспертүүдтэй тухайн асуудлын талаар зөвлөлдөх боломжийг олгодог юм байна. Харин тодорхой нэг асуудлыг сонгон авч салбар бүрээс цугласан залуустай хамт шийдэл эрэлхийлье гэвэл Зориг сангийн Young Leadership Program олон боломжоор хангана. Энэ хөтөлбөрт нэгдсэнээр 200 гаруй залуусаас шигшигдсэн мундаг залуустай танилцаж, нөхөрлөж, суралцах болсондоо туйлын таатай байгаа. Бид ирэх онд 3 багийн хамт нийгэмд бодитой үр нөлөө үзүүлэх, хэн нэгэнд хэрэгтэй тусламжийг нь үзүүлэх хүртээмжтэй төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эдгээр залуусаас гадна мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олноороо бахархаж буйгаа хэлэх нь зүйтэй. Креатив салбарын Монголын төдийгүй Азийн аваргууд болж манай улсаас анх удаа Spikes Asia-н алтан медаль авсан хамт олны нэг хэсэг байх нь нэр төрийн хэрэг. Нээрээ энэ онд ажлын шугамаар Эрдэнэс Таван Толгойд 3 сар контент хөгжүүлэлтээр ажилласан юм байна.

Төгсгөлийн оронд

Энэ оныг тодорхойлох зүйлс олон ч ТВ цуврал шиг нөлөөтэй зүйл байгаагүй. ТВ-тэй байж үзээгүй юм шиг цуврал машиндсан, зарим өдрүүдэд сэрэхээс унтах хүртэл дэлгэц ширтсэн, амьдралдаа хамгийн олон цагийг ТВ цувралд зарцуулсан жил байсан тул ТВ цуврал машиндсан жил гэж бичвэрээ нэрийдлээ. Алтны хажууд гууль шарлана гэгчээр мундаг хүмүүстэй хамт байхаар жаахан хичээе гэсэн бодол орж ирэх боллоо. Гэхдээ тэр хэмжээгээр хичээсэнгүй. Ирэх жилд бусдаас хамаарал багатай, хэн нэгний нөлөөллөөр ямар нэг зүйл болчихно гэсэн бодлоос ангид, илүү бие даахыг хичээнэ ээ. Нөгөөтээгүүр шаардлагатай зүйлд тусламж асуусан, чадах зүйлээрээ бусдад тусалсан, илүү олон хүнтэй танилцсан, илүү бат бөх нөхөрлөлийг бий болгосон, илүү хамтын ажиллагааг эрхэмлэсэн жил байг!

Баярлалаа, баяртай 2019!

Сайн уу, юу байна 2020?

--

--