2020: Их завсарлага

Tengis Batjargal
8 min readJan 2, 2021

Үзсэн тв цуврал, бага сага тилт г.м

Баярын бялуу, өндөгний эрэлт дээд цэгтээ хүрч, эдийн засаг, гадаад худалдааны тэнцэл шалаар гоожсоор 2020 он өндөрлөлөө. Он солигдох мөчөөс л тэтгэврийн зээлийн “тэглэлт” эхэлж, энэхүү буухиаг НДШ, цахилгаан, ус, халаалт үргэлжлүүлэв. Covid-19-н хоморгод цагаан сар, наадам, шинэ жил зэрэг олон баяр оролцогчгүй өнгөрч, сонгууль, ЭТТ хувьцааны ногдол ашиг, тусгай үүргийн нислэг, онлайн хичээл, хар, саарал жагсаалт, хөл хорио гэх үйл явдлууд энэ оныг тодорхойллоо.

Кино ба ТВ цуврал

Өмнө жилийн нийтлэл дээр “зөгнөснөөр”маань Өмнөд Солонгосын анхны (Best Picture, Directing, Screenplay, International Feature Film)Оскарыг Parasite зулгаалаа. Магад 2020 оны хамгийн гэгээлэг үйл явдал Оскарын шагнал гардуулах ёслол байсан байх. Martin Scorcese, Quentin Tarantino нарын домгуудтай өрсөлдөж ялалт байгуулсан Bong Jon Hoo ахдаа алга хавсран баяр хүргэе! Бусдаар бол Marvel-c нэг ч киноны нээлтгүй, DC-н хүлээлтэд хүрээгүй хоёр кино, blockbuster киногүй жил өнгөрснөөр Box Office-н хувьд энэ зууны хамгийн алдагдалтай жил өнгөрснийг цохууштай. Зураг авалт хийх нөхцөлөөс үүдэн олон киноны нээлт ч хойшиллоо. Энэ жил театрт үзсэн цор ганц кино болох (Батаагийн төрсөн өдрөөр үзсэн IP Man 4-г тооцохгүй lol) Tenet маань Нолан ахаас хүлээж болох бүх зүйл байсан ч хүлээлтээс давсан гайхамшиг байсангүй. Кино театр хаалгаа барьсантай зэрэгцэн streaming-үүд эрчээ авж, хэрэглэгчдийн урсгал урьд урьдынхаасаа илүү on-demand үйлчилгээ рүү шавлаа. HBO Max дэлхий дахинд театр болон streaming зэрэг нээлтээ хийх моделийг туршиж цөөнгүй найруулагчдын унтууцлыг хөдөлгөөд амжлаа. Apple TV+ ч мөчөөгөө өгөхгүй багцын сонголтоо өргөтгөв. Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн Soul анимэйшн Disney+ үйлчилгээг контентийн дайнд эзлэх байр суурийг нь багагүй нэмэгдүүлж, Pixar-н Oscar цуглуулгыг нэмэх нь дамжиггүй харагдаж байна. Тэд хөрөнгө оруулагчдын өдрөөрөө зарласан “дайны төлөвлөгөө”, кинонуудын нээлтийн товуудыг харахад энэ зуундаа багтаад Mickey Mouse-н чих дэлхийг нөмрөх биз ээ. Контентийн дайнд Netflix-н ноёрхол тийм ч амархан ганхахгүй гэдгийг тэдний гадаад зах зээлд нийлүүлж буй гадаад (англи бус) хэл дээрх кинонууд батална. Би л гэхэд энэ жил 5 өөр орны контентийг Netflix-с үзсэн байна.

Mickey Mouse-н чихтэй дэлхийд амьдрах цаг хаяанд

ТВ цувралын хувьд Amazon Prime Video-н урдаа барьдаг цувралуудыг The Boys (S2), толгой эргэм зангилаагаар дүүрэн Dark (S3), муулан муулан үздэг The Umbrella Academy (S2), Японы насанд хүрэгчдийн контентийн зах зээлийн загалмайлсан эцгийн түүх Naked Director (S1), Амараагаас болж үзэж байгаад аль альных нь 14-р анги дээр очоод spoil-дуулсан Startup, Crash Landing on You гэх k drama-ууд, орчин үеийн мөнгө угаалтын нүүр царай Ozark (S3), хүмүүсийн дурлаад байсан согтуу шатарчин охины түүх Queen’s Gambit (limited series), интернетээр хар тамхи зарахыг заадаг How To Sell Drugs Online (S2), тэр бүр ярьж хэвшээгүй сэдвийг тэгээс нь нэг хүртэл хөнддөг Sex Education (S2), цуврал алуурчид төрдөггүй, нийгэм тэднийг бүтээдгийг харуулсан Fincher ахын Mindhunter (S2), Америкийн засгийн газраас ганц л хүн амьд үлддэг Designated Survivor (S3), олон сайхан meme-ний эх болсон Community (S3), интернетийн алуурчинг интернетийн найзууд мөрддөг Don’t Fuck with Cats (limited series), Breaking Bad-н spinnoff энхрий хайрт Better Call Saul (S5) гээд олон цувралыг үзлээ. Төлбөрөө төлчихөөд ашиглаж чаддаггүй үйлчилгээ хүмүүст олон байдаг. Харин би дээр дурдсан цувралууд дээр нэмээд Friends (6th run), HIMYM (3rd run), Big Bang Theory (2nd run), House of Cards (3rd run)-г ийм давтамжтай үзэж байгаа болохоор энүүхэндээ Netflix-ээ монжоод байгаа ч юм шиг гэмших боллоо.

Хөгжим

Apple Music дорвитой алхам хийж амжаагүй байхад Spotify зөвхөн music streaming үйлчилгээ биш подкаст үйлдвэрлэгч болоод зогсохгүй Michelle Obama-тай хамтран өөрсдийн оригнал подкаст гаргаад амжлаа. Тэр зуур Youtube Music болон Youtube Premium зэргийн өнөөх ойлгомжгүй давхацсан үйлчилгээ оршсоор, Deezer хямдхан бас олиггүй дизайнтай хэвээрээ, Amazon Music Unlimited толгой компанийхаа ачаар уралдаанд хэт их хоцроогүй, JAY-Z ахын TIDAL харин тархин дах сүүлийн хоёр аз жаргал түгээгч эс шиг эерэг зангаа орхиод удахгүй амь тавих байх гэж найднам. Монголчууд маань харьцангуй Apple Music ашиглаж эхэлсний тусаар iTunes top 100 Mongolia жагсаалтыг хааяа харахад их сонирхолтой. Одоо ч ихэнх хэсгийг эзэлж буй хууль бус хөгжмийн фэнүүдийн хувьд 999$-р утас худалдан авах нь хэвийн боловч, тэр утсаараа дуу сонсоход 4.99$ төлж чаддаггүй нь харамсалтай. Оны эцэст тайлан гаргахад Spotify намайг 1980 он руугаа яв гэж хэлнэ лээ.

Acceptable in the 80s

Хөгжмийн ертөнцийн томчууд дунд таньдаг царай улам л цөөрсөн ба дэлхийн тавцанд ази төрхийг авч яваа K-Pop миний сонирхол биш ч ази хүний амь нэг гэгчээр BTS, BlackPink нарын амжилтад талархууштай. Энэ жил зүс мэдэх уран бүтээлчдээс Harry Styles, Taylor Swift, Weeknd нарын цомог шинээр гарч Weeknd тус цомгоороо Grammy-д нэр дэвшээгүйдээ ихээхэн дурамжхан байгаагаа instagram-даа бичээд амжсан. Миний сонсдог дуунууд их бяцхан тойрогт байсныг, ер нь тэндээ ч байж байвал зүгээр гэдгийг энэ жил үндэсний дуу хөгжимтэй дотно танилцсанаар ойлголоо. Шинэ roommate Мөнхөөгийнхөө ачаар Enerel, Vandebo-с эхлүүлээд Ginjin, Mrs.M хүртэл бүхий л үндэсний хит дуунуудыг цензур тавилгүй сонслоо. Үнэхээр үхэхээс бусдыг үзсэн мэт санагдаж байна lol.

Үйл явдал/Арга хэмжээ

15 оноос хойш амьд хөгжмийн тоглолт, арга хэмжээ, уулзалт цугларааны ачаар л нийгэмшиж, хүмүүстэй харилцах хэрэгцээгээ хангадаг байлаа. Харин энэ бүгдийг хаасан 20 оны ачаар өөртэйгөө багагүй цаг өнгөрөөх боломж бүрдэв. Хүн хэдий хүнээр л дутдаг ч бусдаас хэт хамааралтай байх нь үхлийн аюултай. Улирал дамжсан depress-eating, self-destructive байдлуудтайгаа нүүр тулахад headspace app багагүй тус болсонг хэлэх нь зүйтэй. Headspace-н хичээл Netflix-д орсон байсныг ташрамд дурдъя. House of Cards дээрх шөнийн гүйлтийн хэсгүүдийг хэт олон үзсэний дараа Forrest Gump дээр гардаг шиг нэг орой гараад гүйснээр гүйлт сэтгэл санаанд их тустайг ойлгосон учир шөнийн гүйлтийг зуршил болгож зуны турш тун идэвхтэй гүйв. Нэг удаа бүр Улиастай гүйгээд ирсэн гээч. Nike Run Club апп дээр байдаг Headspace-н зааварчилгаатай гүйлтийг мөн санал болгоё.

running at 3 am is the new normal

Цуцлалт дүүрэн жилийн хамгийн гонсойлгосон цуцлалт нь PLAYTIME 2020 байв. Баттай бус эх сурвалжаас Cigarettes After Sex тэргүүтэй томчууд ирнэ гэсэн цуу сонсоод 5 хүний тасалбар авсан байсныг нь яана. Virtual Playtime нэг тийм сүүгүй milkshake шиг байсан. Олон фестивал, тоглолтууд цуцлагдаж, төрөл бүрийн цэнгээний газрууд хаалгаа барьсан ч хүмүүсийн нэгдэн, цуглах хүслийг барьж дийлсэнгүй. Амралтын газрын шоудалт, орон байрны архидалт, хүргэлтийн согтууруулах ундааны эрэлт өссөнөөр унаж байгаа эдийн засаг бус далд эдийн засаг багагүй хөгжлөө. Харин манай эрх баригчид эдгээрийг анзаараагүй мэт шийдвэрүүдийг удаа дараа гаргасан нь харамсалтай. Гэснээс энэ жил ардчиллын суурь үнэт зүйлсийн нэг болсон саналаа өгөх эрхээ эдлэх учиртай чухал жил өнгөрч УИХ болон ИТХ-ын гишүүдээ Монголчууд дугуйлав. Хамгийн олон нэр дэвшигчтэй УИХ-н сонгуульд МАН үнэмлэхгүй ялалт байгуулж, АН 11 суудал, Та Бидний Эвсэл, Зөв Хүн Электорат, Бие даагч нар тус бүр 1 суудал авлаа. Тухайн сонгуулиас онцлууштай зүйл нь Монголд анх удаа трансжендер нэр дэвшигч өрсөлдсөн явдал байв. Америкт ч сонгуультай жил таарч Америкчууд Дональд нугасаар биш Joe Biden ба Kamala Harris нараар улсаа удирдуулахаар шийдэж, конгрессд трансжендер гишүүн анх удаа сонгогдсон жил тохиолоо. Энэ жил мэдээж элдэв арга хэмжээнд бараг оролцоогүй ба оны эцэст UNYAP-нхантайгаа нэг цөмөөхэй үзэх гэж байтал хөл хорио ахиад тавилаа. Цөмөөхэйгөө хэзээ ч үзэх юм бүү мэд.

Дээд хэсэгт ингэж сонин бичдэг нь 2030 магадгүй 2040 оны Тэнгист уншихад амар байлгах үүднээс юм.

Ажил алба

Мэдээж хамгийн их онлайн хурал, уулзалтад орсон, зайнаас ажиллахад дассан, zoom background-ууд туршсан жил байв. Ажил/Амьдрал баланс маань шөнө гэртээ харьж хоноод, өглөө нь гараад явдаг байсан үеэс эрс өөрчлөгдөж, өдөрт 6 өөр газраас ч ажиллаж үзлээ. Орчноо ойр ойр сольж ажиллах нь бүтээмжид нөлөөлдөг болохыг анзаарсан, надад тулгардаг асуудлууд бусад хүмүүст ч тохиолддог болохыг байгууллагын сэтгэлзүйч Adam Grant-н TED-тэй хамтран хийсэн WorkLife подкастаас ойлгов. TED гэснээс энэ жил мөн л TEDxUlaanbaatar-н ажлын багт орж ажилласан бөгөөд анх удаа танхимдаа үзэгчгүй online event зохион байгуулсан нь зөвхөн илтгэгчид болон зохион байгуулагчид цугласан маш exclusive experience байлаа. Цөөн хүнтэй ч ажлыг секундийн нарийвчлалаар төлөвлөдөг энэ багаас сурах зүйл ихтэй. Нээрээ манай багийн Бархас ах бүтэнсайн өдөр бүр Apprentice Mongolia-р гарч байлээ шүү. Мөн сонгуульд залуусын оролцоог нэмэгдүүлэх ӨГЛӨӨ төслийн хүрээнд зохион байгуулсан TEDxUlaanbaatarSalon-д мөн ажиллав.

Could it be more exclusive?

УИХ-н сонгуульд иргэний нийгмийн ажиглагч хийж шударга сонгуулийг бүтээх ажилд бяцхан хувь нэмрээ оруулах боломж тохиов. Өнгөрсөн жилийн нийтлэлд дурдсанчлан Зориг сангаас 17 дах жилдээ зохион байгуулж буй Young Leadership Program(YLP)хөтөлбөрт салбар бүрийн мундаг 20 залуутай хамт нийгмийн төсөл хэрэгжүүлэхээр ханцуй шамласан нь хараагүй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх “Зоригтой Алхам” төсөл байсан ба үүнийхээ хүрээнд багаараа Монголын Үндэсний Хараагүйчүүдийн Холбоон дээр сэтгэл заслын өрөөг бий болгож тохижууллаа. Тус өрөөг тохижуулахад интерьер загварыг нь гаргаж өгсөн Батаадаа, бидэнд итгэж grant баталсан World Vision-ий хамт олонд, хөтөлбөрийн зохион байгуулагч Зориг Сан, хамаг ажлыг нугалсан багийнхандаа ахин дахин талархал илэрхийлье.

Манай Батаагийн гаргасан интерьер зураг

Энэ төслийн ачаар тэгш бус хүртээмжийн талаар асуудалд богино хугацааны тусламжаас илүү урт хугацааны тогтвортой шийдэл хэрэгтэй гэдгийг маш сайн ойлголоо. Уг асуудлыг угаар нь шийдэхийг хүсвэл хүүхдүүдийн харааны үзлэг үлэмж хувь нэмэр оруулна гэдгийг ч анзаарч, Монголын Нүдний Эмч нарын Нийгэмлэг болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо (UNYAP)-ны хамт олон, манай хорооноос хэрэгжүүлж буй утга учиртай сайн дурын ажлыг бүтээх, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг залуусаар дамжуулан хүргэх Global Goals for Youth Program (GGYP)-н сайн дурын ажилчидтай хамт 2500 гаруй хүүхдийн нүдний харааны урьдчилсан сэргийлэх үзлэгийг амжилттай хийсэн. Энэ ажилд чухал үүрэгтэй оролцсон Түмээ эмч, саналыг маань дэмжсэн UNYAP-н хамт олон, GGYP-н сайн дурын ажилчдад гүнээ талархаж байна.

Манай UNYAP-н хувьд түүхэн дэх хамгийн залуу удирдлагаа сонгосон, НҮБ-ын 75 жилийн ойн хүрээн дэх хэлэлцүүлгийн Монгол дах хувилбарыг гардан зохион байгуулсан, UNESCO-н Бээжин дэх оффисоос Монгол дах цорын ганц албан ёсны эрхтэй Model UNESCO Mongolia 2020-г Монгол дах UNESCO комисстой хамт зохион байгуулсан, утга учиртай сайн дурын ажлыг тодорхойлох GGYP-г санаачилсан, Балетийн боловсролыг зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэсэн, хүнсний хаягдлыг бууруулах Дуусгалаа аян гээд олон ажлын ард гарсан жил байлаа.

Дэлхий дээрх нийт хоол, хүнсний 1/3 нь хаягдал болж байна.

НҮБ-тэй холбогдохоос өмнө л хоолны үлдэгдлийн асуудлаар өмнөх зохицуулагч Мардаатайгаа яриад сууж байсан маань ажил хэрэг болоод явж буйг харахад туйлын таатай. Дуусгалаа-н санааг маань дэмжиж бодитой болгосон UNYAP-н маань хамт олон, Дуусгалаа-г базаад бариад бүүвэйлээд авч явж буй баг Ану, Нандиа, Санаа, Мишээлт нар, залуусын санаачилгыг дэмжиж, хамтран зохион байгуулж буй FAO буюу НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, тэр дундаа манай Бүжин, Цэлмэг, Нямаа дарга, суурин төлөөлөгч Vinod Ahuja та бүхэнд маш их баярлалаа. Оскарын наадам шиг дээр баахан мэдэхгүй нэр дурдсаныг өршөөгөөрэй.

Ажил алба гэдэг цагаар бус бүтээмжээр хэмжигдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэсэн мөртлөө бүтээмжгүй олон цаг ажлаа харж суусан жил байлаа. Үүн дээрээ анхааръя гэж бодож байна.

Төгсгөлийн оронд

Энэ жилийг нэрлэх муу нэр олон ч нөгөөтээгүүр байнга хамт байдаг зүйлсийн маань үнэ цэнийг санах, хөлгүй их ажил, амьдрал, уулзалт, хурал, арга хэмжээнээс их завсарлага авах боломж олгосонд талархууштай. Parasite дээр гардаг шиг no plan at all гэсэн motto-р энэ оноос юу ч хүлээгээгүй байсан учир давгүй жил болж өнгөрлөө. Өөртэйгөө өнгөрүүлсэн цагаа өөрийгөө зүхэж өнгөрөөхгүйг хичээсэн, илүү биеэ даасан, багагүй зүйлээс хоцорсон жил өнгөрлөө. Ирэх жил бусадтай илүү ойлгомжтой харилцан яриа өрнүүлсэн, үнэ цэнтэй зүйлийн төлөө олон бус чанартай цагийг ажилдаа зарцуулсан, алдаагаа ойлгоод зогсохгүй, түүнийгээ засахын тулд хичээсэн жил байг.

Баярлалаа, баяртай 2020!

Яахав чамайг харж л байя 2021,

--

--