Ангараг орох тасалбар!

Tengis Batjargal
4 min readDec 5, 2017

Энэ нийтлэл харамсалтай мэдээгээр төгсөнө шүү!

Ангарагийн зүрхийг нээнэ нтр

Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорлоо.

Бидний аав ээжийн үед Монгол хүн сансарт ниссэн бахархалт үйл хэрэг тохиож, хөлтэй бүхэн хөөрч, амтай бүхэн ярилцаж, дуу хүртэл зохиож, тэр жил төрсөн хүүхдүүдэд Сансар нэрийг хайрлаж байсан нь шинжлэх ухаан, од мичидийг хичнээн их биширсэн нь илэрхий байна. Харин өнөөдөр хиймэл дагуулын тусламжтай өндөр нарийвчлалтай газрын зураг хэрэглэж, дэлхийн нөгөө хэсэг рүү дүрсээ солилцох нь энгийн үзэгдэл болжээ. Өөр ертөнцийн талаар өчнөөн төчнөөн мэдээллүүд өдөр шөнөгүй солилцох нь хээв нэг. Гэсэн ч дуулаагүй байж юуны магад гэж бодоод би ч бас олж сонссон нэг мэдээллээ та хэдтэй хуваалцъя. Анхааруулахад энэ их гунигтай төгсгөлтэй нийтлэл шүү хихи.

Энэ оны 8 сарын 19-нд Ohio мужийн Cleveland хотод байрлах Great Lakes Science Center буюу NASA Glenn Research/Visitor Center-р зочлох завшаан тохиолдсон юм. Улаанбаатартаа байдаг астропарк ч орж үзээгүй хүн ийшээ ороод балмагдчихсан.

Great Lakes Science Center гэсэндээ нуурын эрэг дагуу байршилтай

Дотогшоо орсон даруйд B1 давхар луу чиглэсэн хүмүүсийн цуваа угтлаа. Шагайж үзвэл жоохон хүүхдүүдийн дунд хөдөлмөрийн хичээл маягийн зүйл өрнөж, эцэг эхчүүд нь хүрээлсэн харагдана. Бодвол нэг уралдаан, тэмцээн л болж байсан байх. Илүү тасархай зүйлс хүлээж байсан болохоор цаг алдахгүйн тулд дараа дараагийн үзвэр лүүгээ явлаа. Нээгдсэн цагаас нь хойш ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудын зураг нэг ханаар эгнэж, нөгөө эгнээнд учиргүй том LED дэлгэц, сансартай холбоотой хамгийн том нээлтүүдийн хураангуй, есөн бусын үзмэрүүд, төхөөрөмжүүд, нэрийг нь битгий хэл зориулалтыг нь ч ойлгохооргүй хэтэрхий олон зүйлсээр хүрээлэгдлээ. Гадарлаж байснаас нэг бяцхан онгоцны моторыг ажиллуулж, амьдралдаа харсан хамгийн том хөөс үлээдэг тоглоомоор тоглож, бяцхан пуужингийн загварыг даралтаар хөөргөж, Ангараг дээрхи өөрийн жинг үзсэн зэрэг өөрийнхөө хувьд бол чамгүй амжилттай хэхэ.

Би чинь уг нь 28кг л юм байлээ шд

Нэг хэсэгт нь NASA-н юуны ч юм ажилтантай хууч хөөрөх боломж олдож, таксины жолоочийн гэмээр англи хэлээрээ чадах ядахаараа л тататунгадахгүйг хичээж, аар саар зүйлсийн талаар асуулаа. Бусдын адил найрсагаар миний асуултуудад хариулах залуу үйлчилгээний ажилтан биш болж таарсан ба Matt Damon-ий Martian кино юугаараа зөв, юугаараа учир дутагдалтай талаар олон сайхан зүйлийг хэлсэн ч би бараг л ихэнхийг нь ойлгоогүй :( Харин нэг зүйл тогтоож авсан нь ирэх онд Ангараг руу хөөрөх InSight-д зорчих тасалбарын эзэн байх боломжтойг дуулгасан юм. Тэр үедээ сайхан сонсогдож байсан ч ногоон картны сугалаа шиг юм ойлгоод, цаана нь намайг илүү гайхалтай зүйл хүлээж байсныг ч хэлэх үү, нэг их нухацтай хүлээж аваагүй юм. Хожим нь Улаан хотдоо ирчихээд Trappist-1 гариг сайттай болсныг алмайрч байх зуураа NASA-н сайтаар зочилсон өнөөх харилцан яриа маань толгойнд бууж, ум хумгүй л ангарагтай холбоотой зүйлсийг хайлаа. Тэгсэн харин нислэгийн бүртгэл эхэлчихсэн сая давсан хүмүүс бүртгүүлчихэж. Би ч юугаараа дутахав, Монгол хүний барьцуу зангаараа бушуухан бүртгүүлж орхилоо. Юунд бүртгүүлсэн маань их сонирхолтой. NASA Ангарагийг судлах хүрээнд InSight хөтөлбөрийг явуулж байгаа ба 2015 онд Денверт InSight lander гэх судалгааг эрчимжүүлэх зорилготой догь эд бүтсэн ба үүн дотор бяцхан чип суурилуулан хөөргөсөн юм (Insight lander-н үндсэн зорилго нь чип тээвэрлэх биш). Тус оны 8 сараас 9 сарын хооронд 22 хоногийн турш дэлхий даяар нээлттэйгээр тухайн чипэнд өөрийн нэрийг оруулах боломжыг олгосон ба нийт 826'923 нэр бүртгэгдэж хөөрсөн юм.

Ерөнхийдөө нэг ийм утсан дотор байрлах тун жижиг чип юм билээ

Insight Lander аль хэдийнээ амжилттай аялаж Mars Rover-үүд, Orion-той холбогдсон. Харин одоо түүний араас аялах дараагийн Insight lander бэлэн болоод байгаа бөгөөд энэ удаагийн төхөөрөмж Ангараг судлалд маш эерэг нөлөөлөл үзүүлж, асар их мэдээллээр хангана хэмээн NASA-н хамт олон ихээхэн итгэл хүлээлгэж байгаа. Ирэх оны 5-р сарын 5-нд California мужид байрлах Vandenberg агаарын хүчний баазаас хөөрөх InSight lander нь 6 сарын урт аялалын эцэст 11 сарын 26-нд Ангарагийн хөрсөн дээр 2'429'807 нэрийг агуулсан чиптэйгээр газардах юм. Хамгийн сайхан хэсэг нь миний нэр ч энэ дотор багтаад буй :)

Нисэх өдөр нь Boarding Pass-аа хэвлүүлэх бодолтой байгаа!

InSight lander-т багтсан 8мм квадрат хэмжээтэй асар жижиг чипэнд хүний үсний ширхэгээс 1000 дахин жижигээр бичсэн 2 сая гаруй нэр дотор таны нэр ч бас орох боломжтойг дуулгах гэж энэ нийтлэлээ эхлүүлсэн ч драфтлаж хаясаар байгаад нэг харсан нэрний бүртгэлийн хугацаа нь дуусчихжээ. Харамсалтай мэдээгээр дуусна гэж хэлсэн нь ийм учиртай. Sorre :(

Гэхдээ юм нэгээр дуусахгүй хойно, NASA Америкийн коллежуудаас дадлагажигч авна гэсэн зартай хүртэл таарч байсан. mars.nasa.gov сайтад и-мэйлээ бүртгүүлээд харж байхад энэнээс сайхан боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Маш хялбархан үйлдлээр Улаан нүдэн гаригийн зүрхийг нээх аялалд мордох гэж буй InSight хөтөлбөрийн бяцхан хэсэг болж чадсандаа туйлын таатай байна. Одоо харин хөөрөх өдрөө хүлээх л үлдлээ. Баярлалаа!

Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.

--

--