Суллагдсан өдөр

Tengis Batjargal
4 min readNov 18, 2017

11/18/2017

01:42 — Амралтын өдөрт тохирох хамгийн сайхан эхлэл юу вэ? Аагим халуун өдрийн эцэст байшингийн дээвэр дээр шар айраг шимэнгээ эрх чөлөөтэй иргэн шиг тайван санаа алдах. Гадаа тачигнаж, дотор бигнэж байгаа Утаанбаатарт, дээрээс нь алтан шумуулнаас харшилтай надад бол хэтэрхий хол. Гэхдээ боломж адил тэгш оногддоггүй ч ямар нэгэн байдлаар хүн бүрт ирдэг.

/Амралтын өдөрт тохирох хамгийн сайхан эхлэл/

Харин надад оногдсон хамгийн сайхан нь ойрын 5 сард удирдлагыг нь цагаас илүү бариагүй зурагтаа үзээд сордог буйдан дээр дуртай киногоо үзээд налайх байлаа. Хэн нэгний шаардлагыг биелүүлэх нь битгий хэл ганц зөвлөгөөг ч сонсолгүй зөвхөн өөрт таалагдсан киног үзэж, бусдын үнэ цэнэтэй бодлоос хол цөөн хормыг өнгөрүүлэх завшаан гарах нь юутай сайхан. Хааяа энэ яарч тэвдсэн, хаа нэг тийшээ уралдсан нийгмийг түр завсарлага аваад тайвширж болдоггүй юм байх даа гэсэн бодол төрдөггүй гэж үү?

Хэний ч юуны ч туйлын зөв үл оршино гэдэг атлаа муу гэж нэрлэсэн хүмүүсээ шоронд, сайн гэж магтдаг хүмүүсээ сонинд гаргадаг энэ хачин нийгэм.

03:17 — Үзэж байгаа цувралын нэг дүр үхчихлээ. /Спойлер агуулж болзошгүй тул ямар цувралын хэн гэдгийг нь нууцлая хэхэ/ Би л дэлгэцийн ард бяцхан оршуулга хийхэд бэлэн байгаа болохоос киноны дүрүүд дунд хөөрхийг тоож байгаа амьтан ч алга. Өнгөрсөнд болсон зүйлд биш, одоо болж байгаад анхаарлаа хандуулж байгаа, хэн нэгний зохиосон утгагүй дүрмийг, энэ хачин тогтолцоог дагах биш, сөрж байгаа гол дүрийн хариу үйлдэлд баярлалаа. Тэрнээс биш бид чинь хэзээ нэгэн цагт оршиж байсан, ямар нэгэн нэрсийг дурсан гашуудах үнэтэй цагтай атлаа, өдөр бүр тааралддаг нэгний нэрийг нь асуугаад кофе хуваах ч завгүй хүмүүс. Нарны туяа үзэгдэх эсэхээс шалтгаалж өдөр шөнөд хуваан, гаригийнхаа эргэх хугацаанд тулгуурлаж хурдыг нь секунд, миниут, цаг гэх ухагдахуунд хувааж, нэг өдөр гэгдэх 24 цагийн 4 жил тутам секунд секундаар доголддог системээ цаг хугацаа гэж нэрлээд үүнийг нь дагасаныг мундаг, дагаагүйг нь мангараар дуудах.

06:50 — Буйдандаа шигдээд үзсэн кино маань The Shawshank Redemption байсан юм л даа. Үзээд урьдын л адил сайхан мэдрэмжтэй үлдсэн ч энэ удаа нэг бодол толгойд эргэлдээд амраадаггүй. Andy-н хүсэж байгаа эрх чөлөө хананы цаана, харин тэр өөрөө хананы наана чөдөрлөгдсөн. Киноны төгсгөлд тэр 5 хөлбөмбөгийн талбайтай дүйцэх урт бохирын хонгилоор мөлхсөний эцэст эрх чөлөөтэй нөхөрсөгөөр мэндэлж, хур тунадас түүнийг угтан авдаг. Энэ хэсэг надад нэг л танил санагдсан. Erie нуурын эрэг дээр нар жаргахыг сүүлийн удаа харсан тэр мөч. Her(2015)-н OST Arcade Fire-н бүтээл энэ мөчтэй хичнээн сайхан зохицож байсан гэж санана.

Зуны 90 өдрийг энд өнгөрүүлсэн гэхэд парк дээр дор хаяж 72 өдөр ямар нэгэн байдлаар очсон мөртлөө эрэг дээр хэвтээд нар жаргахыг харах боломж дандаа тохиодоггүй. Үргэлж хажууд нь байсан ч ийш тийш яарсаар хэд хоногийг өнгөрөөжээ.

Харин энэ бол онцгой тохиолдол. Суллагдсан өдөр.

Эрх чөлөөгөө эргүүлэн авж буй тэр хачин өдөр. Одоо харин явах цаг боллоо. Эх оронд минь намайг угтах Амараа, Бээжин дээр кофе, найрсаг зантайгаа тосох Урнаа бас Сэлмаа, Newark Liberty онгоцны буудал дээр хэт их пянзнаас болж хэтэрсэн ачаанд минь санаа тавих онгоцны үйлчлэгч, сүүлийн транзит AirTrain, хоёр дамжих LIRR галт тэрэг, дамжин өнгөрөх Amtrak Regional Train, найм дамжих метро, цомхон цуглуулганд минь хоёр пянз нэмэх A-1 Records, Central Perk доторхи John Lennon-ий дурсгалд зориулсан Strawberry Fields хэсэгт танилцан хамтдаа The Beatles-н дуунуудаас дуулангаа маш гайхалтай харилцан яриаг өрнүүлэх ази эмэгтэй, The Metropolitan Museum дотор өөрөө үзвэр мэт зогсох ажилтан, гурван орой дарааллаж зочлох Times Square, нойрсохыг мэддэггүй New York хот,

/The Met Museum-н ажилтан/

Penn Station хүрэх галт тэргэнд танилцаад, airbnb-р түрээслэх байранд маань хоног төөрүүлэхийг асуух гэж буй казакстан залуу, галт тэрэгний буудал руу таксинд хамт явж, хуваариасаа хоцорч буй галт тэрэгийг хүлээх зуураа ам хуурайгүй олон зүйлээр залхаачихаад, салах ёс хийх мөчид л Game of Thrones үздэгээ хэлэх орос бүсгүй, манай улсын талаар надаас илүү мэддэг TurboTaxi service-н таксины жолооч, ачааг минь аваад таксинд суулгаж өгөх Jack, байрны түлхүүрийг минь хурааж авах Бэтти, автобусанд санамсаргүй таарах Ju, байр луу минь хүргэж өгөх автобусны жолооч, парк явах автобусны буудал руу хүргэж өгөх дамжин автобусны жолооч, тэр автобусанд явах зүс мэдэх ч хэзээ ч ярилцаж байгаагүй польш эмэгтэй, дамжин автобусны буудал алхах замд сүүлийн удаа сагсаа түрэн гарах Андрей нар намайг хүлээж буй тул эрэг дээрхи амгалан байдал маань тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хэзээ ч харж байгаагүй хүний бүтээсэн гайхамшгийг хэзээ ч сонсоогүй хүнд хүргэх гэсэн хэдэн сарыг эцэслэх өдөр бол өнөөдөр.

Шаушанк Andy-н хувьд шорон байсан ч Brooks-н хувьд гэр нь байсан шиг зарим хүмүүст энэ парк маргад эрдэнийн хот. Хичнээн сайхан зүйл тэднийг энд үлдэх сэдэл төрүүлдэг байлаа ч тэр зүйл надад ижил нөлөө үзүүлээгүй. Олон тэмдэглэлт өдрүүдийг хүлээсэн ч энэ өдрийг хүлээсэн шиг хүлээж байсангүй. Биологийн хуурмаг намайг үлдэхийг асуун, ямар нэгэн солиотой зүйлийн үргэлжлэл болгохоор эгдүүцэх авч, би энэ өдрийг юунаас ч илүү хүлээсэн. Энэ онд ээж, аавынхаа төрсөн өдрийг аль алийг нь мартаж орхисон ч энэ өдрийг хуруу даран хүлээсэн. Намайг юунд зүгээр л эрх чөлөөтэй минь явуулчихгүй энэ этгээд газраа гоё тансаг зүйлээр хууран, оюун санааны шорондоо хорино вэ. Хананы цаана гарж, хэдэн пянзаа сонсонгоо ганц хоёр хачин нийтлэл medium-д оруулах жигтэй хүслийг минь гүйцэлдүүлээч дээ.

Харинээ.

Today is the first day of the rest of your days.

--

--